top of page
Search

Гүйцэтгэх захирлуудын ганцаардал

“Титэм зүүсэн толгой хүнд байдаг”

“Дээшээ өгсөх тусам ганцаарддаг” зэрэг үгс нь захирлууд, гүйцэтгэх захирлууд ямар их ганцаардаж байдгийг илтгэдэг.


Кинон дээр захирлуудыг дүрслэхдээ өндөр шилэн барилгын хамгийн дээд давхрын оффистоо ганцаараа үлдэж, бүдэгхэн гэрэлтэй өрөөнд компьютерын дэлгэцэн дээр тоо ширтэн бодлогошрон санаа алдаж буйгаар дүрслэгддэг. Энэ зураглал хэр бодит вэ?

2024 онд Канадын HEC Montréal менежментийн сургуулийн профессорууд болох Alaric Bourgoin, Sarah L. Wright, Jean-François Harvey, Saouré Kouamé нар “Гүйцэтгэх захирлуудын ганцаардлын тухай, уг мэдрэмж юунаас болж үүсдэг, хэрхэн даван туулдаг арга зам”-ыг илрүүлэхийн тулд Канадын томоохон 165 байгууллагын гүйцэтгэх захирлуудад асуулга судалгаа авч, судалгааны үр дүнгээ “Harward Business Review”-д хуваалцсаныг та бүхэндээ орчуулан, товчлон хүргэж байна.


ree

Ганцаардлын тухай.

Ганцаардлыг бид бодохдоо ойр дотнын харилцаа дутагдсанаас үүсдэг гэж боддог ч гүйцэтгэх захирлуудын ганцаардал арай өөр шалтгаанаас үүсдэг байна. Ихэнх гүйцэтгэх захирлууд нийгмийн харилцаанд  идэвхитэй оролцдог, танилын хүрээ болон найз нөхөд ихтэй, ажил хэргийн хамтрагчид, ажилтнууд нь тэдэн таалагдахыг хичээж байдаг. Тэгвэл тэд яагаад ганцаарддаг вэ?

Манлайлал ганцаардалд хүргэдэг. Гүйцэтгэх захирлуудын үүрч байдаг хамгийн том ачаа бол манлайлал юм.

Гүйцэтгэх захирлуудын үүрч байдаг, хамгийн том ачаа бол манлайлал юм.

Тэдний манлайллаар гаргасан эцсийн шийдвэрүүд нь байгууллагаар дамжуулан олон хүмүүсийн ирээдүйд аажим аажимаар нөлөөлж байдаг. Тэд байгууллагын зорилго зорилтод хүрэхийн тулд бусдад дэлгэх боломжгүй олон зүйлийг туулж, сайн муу туршлага, дурсамжыг хуримтлуулсан байдаг. Судалгаанд хамрагдагсдын 25% нь ерөнхийдөө ганцаарддаг гэсэн бол 55% нь ганцаардах мэдрэмж заримдаа төрдөг гэжээ. Таван оролцогч тутмын нэг нь тайван, хяналтыг гартаа авсан гэж харагдахын тулд ганцаардах мэдрэмжээ дарах, тоохгүй байхыг хичээдэг гэжээ.

Ганцаардал нь нөхцөл байдлаас ихээхэн хамаардаг. Ихээхэн хэмжээний санхүүгийн алдагдал, цомхотгол, стратегийн өөрчлөлт, сөрөг мэдээ мэдээлэл тархах, цар тахалын нөхцөл байдал зэргээс шалтгаалан байгууллага хүнд байдалд орох үед хамгийн их ганцаарддаг байна. Дээрх сорилтууд нь хөрөнгийн эзэд, хувьцаа эзэмшигчидээс гүйцэтгэх захиралд ирэх дарамтыг нэмэгдүүлж, байр суурь нь ганхах, цаашлаад ажлаа хүлээлгэн өгч болзошгүй айдас, зовинолыг бий болгодог. Судалгаанд оролцсон нэгэн гүйцэтгэх захирал “Урагшлахын тулд үргэлж шинэ шийдлүүдийг олох ёстой” ба “Шийдвэрийг чи гаргаж байгаа тул бүх зүйл чиний нуруун дээр л байх болно” гэж хэлжээ.


Дэмжлэг дутсанаар ганцаарддаг.

Манлайлал, ганцаараа шийдвэр гаргах нь ганцаардалд хөтлөөд байгаа биш харин эргэн тойронд байгаа хүмүүс, баг хамт олны дэмжлэг дутах үед илүү ганцаарддаг гэсэн дүгнэлтэд гарсан.

Байгууллага хямралд орсон хэцүү цаг үед гүйцэтгэх захиралд ТУЗ, алба салбарын удирдлагууд, хамт олны дэмжлэг хамгаас чухал байдаг. Гэвч түүний баг хамт олон дотооддоо зөрчилтэй, хувийн эрх ашигт төвлөрсөн бол яах вэ? Эсвэл түүний багийнхан тухайн асуудлын ард гарах, даван туулах хангалттай ур чадваргүй бол яах вэ? зэрэг шалтгаанаас болж тэрээр хамт олон нь тулгарсан хүндрэл бэрхшээлийг даван туулахад дэмжлэг үзүүлж чадахгүй гэдгийг олж харах үед захирлуудын ганцаардал эхэлдэг.

“Бүх зүйл сайхан байхад, бүгд аз жаргалтай гэр бүл” байдаг бол “Юмс буруугаар эргэх үед өмнөхөө сөхөж, алдааг хайж эхэлдэг ба энэ үед гүйцэтгэх захирал байсныхаа төлөө ганцаардаж эхэлдэг”.

Ганцаардсан гүйцэтгэх захирал бүтээмж муутай нэгэн болдог. Гүйцэтгэх захирлууд байгууллагын стратеги төлөвлөлт, үйл ажиллагааны гүйцэтгэл, инновац хөгжүүлэлтийг манлайлан чиглүүлж байдаг тул тэд ганцаардах үед байгууллага бүхэлдээ хямралд өртдөг.


Тэгвэл ганцаардсан гүйцэтгэх захиралд өгөх 6 зөвлөмжийг хүргэж байна.


  1. Өөрийгөө чөлөөл. Та бүх хүмүүст үргэлж таалагдах боломжгүй. Тиймээс өөрийгөө илүү хайрла. Судалгааны үр дүнгээс дараах 2 аргыг санал болгож байна.

    1. Нэн тэргүүнд өөртөө төвлөрөх, өөрийн сэтгэлзүйн эрүүл мэндэд анхаарах. Дараа нь бусадтай эрүүл харилцаа үүсгэхэд төвлөрч, эерэг харилцаа үүсгэснээр хамт олноос ирэх дэмжлэг нэмэгдэх болно. Өөртөө хатуурхалгүй, алдаагаа хүлээн зөвшөөрч, алдаанаасаа суралцах. Хувь хүн болон гүйцэтгэх захирал хоорондын сэтгэлзүйн заагийг тогтоох.

    2. Олон гүйцэтгэх захирлууд ажлын тухай бодол, одоо үүсээд байгаа асуудлаа түр орхиод амьдралын тухай эргэцүүлэн бодох нь стрессийг маш сайн бууруулдаг гэжээ. Нэгэн захирал “бүх зүйл маргааш зогсвол” яах вэ гэж төсөөлөн боддог ба энэхүү бодол түүнийг тайвшруулж, түр зогсож илүү ухаалаг шийдвэр гаргахад тусалдаг ба ганцаардлаас үүссэн хамгаалах механизмаа бууруулахад нөлөөлдөг гэжээ.

  2. Энэ бол суралцах боломж. Бүх зүйлийн хариулт гүйцэтгэх захиралд бэлэн байх ёстой мэтээр хүмүүс ханддаг. Энэ нь тэднийг ганцаардал руу түлхэгч нэг шалтгаан. Нэгэнт ирэх энэхүү дарамтыг эергээр хүлээн авч, суралцах боломж болгон өөрчлөөрэй. “Та алдаа гаргадаг, цаашдаа ч гаргах болно. Үүнийгээ ч мэдэж байгаа.” Бүх зүйлийг гүйцэтгэлээр үнэлэх үед алдаанаасаа суралцах бус, гэмших мэдрэмжийг төрүүлдэг. Иймд саад бэрхшээл тулгарах үед тухайн мөчид гаргасан хамгийн зөв шийдвэр тань ирээдүйд алдаа байх вий гэж айхгүйгээр, энэ бол өсөж сайжрах боломж, суралцах үйл явц гэж харах нь танд ирж буй дарамт, мэдэрч буй ганцаардлыг бууруулах болно.

  3. Дотогш чимээлэх. Олон гүйцэтгэх захирлууд хүнд үед тэнцвэрээ хадгалж, зорилгодоо төвлөрөхийн тулд дотогшоогоо чимээлж, үйл явцыг дахин эргэцүүлдэг. Нэгэн гүйцэтгэх захирлын хэлснээр, "Ганцаардал нь өөрөө өөртөө гүн гүнзгий нэвтрэх нам гүм мөч бөгөөд  энэ мөчид та өөрийнхөө үнэт зүйлс, зорилгын талаар дахин эргэцүүлэх боломж юм”. Хэдийгээр ганцаардал нь сөрөг мэдрэмж боловч тэр сөрөг мэдрэмж нь өөрчлөлт, шинэчлэлийн эхлэл болдог. Энэ утгаараа ганцаардлыг тэврэн авч, дахин эргэцүүлэн бодсоноор шинэ санаа, арга замууд гарч ирэх болно. Гэвч энэхүү эргэцүүлэл нь таныг уйтгар гунигт автуулах ёсгүйг анхаараарай. Зарим гүйцэтгэх захирлууд "шуурганы дараа" хамгийн их ганцаарддаг гэжээ. Учир нь бүх зүйл намжиж, өдөр тутмын амьдрал хэвийн үргэлжлэх үед энэхүү дахин эргэцүүлэх дадал нь ургуулан бодох хандлага бий болгосноор стрессийг бий болгож байдаг. Энэ үед та хоббигоо хөгжүүлэх, спортоор хичээллэхэд анхаараарай.

  4. Халуун дулаан уур амьсгалыг бий болгох. Олон гүйцэтгэх захирлууд менежментийн багийнхан, ажилтнуудтайгаа найзархаг, дотно харилцаа үүсгэх нь тохиромжгүй гэж үздэг ч тэдэнд таалагдахыг хүсдэг нь логикийн алдаа бөгөөд шинэхэн захирлууд гаргадаг алдаа юм. Эдгээр захирлууд зарчим, мэргэжлийн ёсзүйд суурилсан хамтын ажиллагаа нь илүү үр дүнтэй гэж үздэг. Сэтгэлзүйн хувьд энэ нь гүйцэтгэлд хэт төвлөрсөн чиг баримжаа юм. Танай багт мэдлэг, ур чадвар зайлшгүй хэрэгтэй ч гүйцэтгэлд хэт төвлөрөх нь таныг стресстүүлж, улмаар ганцаардалд хөтөлдөг. Тиймээс багийн дотор халуун дулаан уур амьсгалыг бүтээх хэрэгтэй ба энэ нь баг дотор бие биедээ туслах сэтгэлийг нэмэгдүүлж, нэгэн зорилго дор нэгдэж чадсанаар танд ирэх дэмжлэгийг ч нэмэгдүүлдэг. Дэмжлэг сайтай менежментийн баг таныг ажлын гүйцэтгэлээс гадна сэтгэлзүйн хувьд ч дэмжих болно.

  5. Байгууллагаас гадуурх дэмжлэг. Хэрэв танд хэрэгтэй дэмжлэг танай багт байхгүй бол өөр газраас хай. Байгууллагаас гадуурх, гүйцэтгэх захирлуудын клуб зэрэгт нэгдэж, ижил төрлийн асуудалтай нүүр тулгарч байдаг хүмүүсийн дунд орох. Ингэснээр бусадтай ярилцаж, туршлага хуваалцаж юмсыг өөр өнцгөөс харахад туслах болно. Таны нөхцөл байдлыг ойлгохын зэрэгцээ ашиг сонирхолын зөрчилгүй хүмүүстэй ярилцах нь байгууллагадаа нэвтрүүлж болох шинэ санаа олох тайтай орчин юм. Манай судалгаанд оролцсон гүйцэтгэх захирлуудын 40 хувь нь ийм төрлийн бүлгийн гишүүд байсан.

  6. Санал, шүүмж харилцан солилцох. Гүйцэтгэх захирлууд системээс тусгаарлагдаж байгаагаа мэдрэх үедээ ганцаардаж эхэлдэг. Үүнийг таслан зогсоохын тулд санал шүүмжийг харилцан солилцох соёлыг төлөвшүүлэх хэрэгтэй. Энэ нь “сайн сонгсогч” байхаар хязгаарлагдаж болохгүй”.  Харин “албан тушаалын хөөс”-ийг хагалж, бусдын шудрага шүүмжлэлтэй санаа бодлыг илрүүлэх нь чухал юм. Тиймээс гүйцэтгэх захирлууд өөрсдөд нь таагүй санагдаж болох санаа, эсвэл буруу гэдгээ хүлээн зөвшөөрөх шаардлагатай асуудлуудыг олж илрүүлэхийн тулд илүү нарийвчлан асууж сурах хэрэгтэй. Үүний тулд хүмүүс өөрсдийн санаа бодлоо чөлөөтэй шудрагаар илэрхийлэх, үүнийхээ төлөө сөрөг үр дагаварт хүрэхгүй гэсэн аюулгүй мэдрэмжийг бий болгох ёстой. Санал бодол, шүүмжээ  харилцан солилцдог байх нь чухал. Заримдаа гүйцэтгэх захирлууд баг, хамт олон нь хүлээж авч чадахгүй гэж дүгнээд зарим зүйлсийг дарж, өөртөө үлдээдэг. Гэвч хамт олонтойгоо санаа бодлоо хуваалцах нь итгэлцлийг нэмэгдүүлж, үр дүнд нь стресс буурч, ганцаардал багасдаг.


Гүйцэтгэх захирлууд үе үе ганцаардлыг мэдэрдэг ч энэ нь заавал сэтгэлийн дарамт байх албагүй. Энэхүү судалгааны үр дүнд гүйцэтгэх захирлуудад ганцаардлыг даван туулах, түүний сөрөг нөлөөллийг бууруулах олон арга зам, туршлагыг илрүүлсэн. Ганцаардлыг даван туулахын тулд үүний уг үндэс, шалтгааныг ойлгохоос эхэлдэг. Энэ нь хувь хүний биеийн болон сэтгэлзүйн эрүүл мэндэд эерэг өөрчлөлт бий болгох, цаашлаад байгууллагын амжилтыг сайжруулахад чухал нөлөөтэй.

 

 
 
 

Comments


Хаяг

Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө 15, Амбассадор Оффис, 203 тоот 

Утас

+976 88086083

И-мэйл

Connect

  • Facebook
  • X
  • LinkedIn
bottom of page