2024 оны аялал жуулчлалын салбарын тоо баримтууд
- bolor saihan
- Feb 13, 2025
- 4 min read
Updated: Mar 10, 2025
2024 онд Монгол Улсад 809,000 жуулчин ирсэн нь өмнөх жилээс 158,000 орчмоор өссөн байна.
1.66 тэрбум ам.доллар буюу ойролцоогоор 5.6 их наяд төгрөгийн орлого орсон байна.
Нийт жуулчдын 54% нь хоёр хөрш болох БНХАУ (221,285) болон ОХУ (215,467)-аас ирсэн бөгөөд эдгээр улсын жуулчдын 50% нь амралт, аялал жуулчлалын зорилгоор ирдэг байна.
Жуулчдын 24% буюу 193,925 нь БНСУ-аас ирсэн бөгөөд тэдний 80% нь амралт, аялал жуулчлалын зорилгоор ирдэг.
ТОП-10 жуулчин илгээгч улсууд: Хятад, Орос, Солонгос, Япон, Казакстан, АНУ, Тайвань, Герман, Турк, Беларусь
2024 онд улсын хэмжээнд зочид буудлын салбарын орлого 615 тэрбум төгрөгт хүрсэн бол Улаанбаатар хотод 522 тэрбум төгрөг байна.
2022 оны тооллогоор улсын хэмжээнд жуулчны байр сууцны нийт багтаамж зуны улиралд 36,009 ор/хоног байна.
2024 оны байдлаар Улаанбаатар хотод 462 зочид буудал, дэн буудал нийт 14,103 ор/хоногийн хүчин чадалтайгаар үйл ажиллагаа явуулж байна.
Улаанбаатар хотод 69 одны зэрэглэлтэй зочид буудлуудаас 3-5 одтой 22 зочид буудал үйл ажиллагаа явуулж байна.
Нийт орлогын 72%-ийг 3 болон түүнээс дээш одтой 40 зочид буудал бүрдүүлдэг.
Бид сүүлийн 4 жилийн хугацаанд аялал жуулчлалын салбарт 5 болон 3 одтой зочид буудал, Улаанбаатар орчмын өндөр зэрэглэлийн амралтын газар, жуулчдын сонирхлыг татах байршлуудад ялгарал бүхий амралтын газар, хурдны зам дагуух түр зогсох цогцолборын төслүүд дээр бизнес хөгжүүлэлт, хөрөнгө оруулалтын шинжилгээний ажлуудыг гүйцэтгэсэн.
Аялал жуулчлалын салбарын тойм судалгааг хамгийн сүүлд 2024 оны байдлаар эмхэтгэсэн мэдээллийг та бүхэнтэй хуваалцаж байна.
2024 онд Монгол Улсад 809,000 жуулчин ирсэн нь өмнөх жилээс 158,000 орчмоор өссөн байна.
Дэлхий нийтээр 2023 онд аялал жуулчлалын салбар Ковидын өмнөх буюу 2019 оны түвшинд хүрсэн. 2023 онд МУ-д 651,061 жуулчин ирсэн бол уг тоо 2024 онд 24%-иар нэмэгдэж 808,956 жуулчин ирсэн байна. 2024 оны зорилт 1 сая жуулчин хүлээн авах байсан бөгөөд гүйцэтгэл 81%-тай байсан нь чамлах тоо биш юм.

1.66 тэрбум ам.доллар буюу ойролцоогоор 5.6 их наяд төгрөгийн орлого орсон байна.
Манай улсад аялал жуулчлалын салбараас олж буй нийт орлогыг тооцох нарийн аргачлал, судалгаа одоогоор байхгүй байна. Яамны зүгээс 2019 онд Монгол банкны хийсэн жуулчдын асуулга судалгаанд үндэслэн манайд ирж буй гадаад жуулчны дундаж зарцуулалтыг 2,048 ам.доллар гэж тооцоолон, тухайн жил ирсэн нийт жуулчдын тоотой харьцуулан боддог. (808,956 жуулчин * $2,048 = $1.66 тэрбум)
Нийт жуулчдын 54% нь хоёр хөрш болох БНХАУ (221,285) болон ОХУ (215,467)-аас ирсэн бөгөөд эдгээр улсын жуулчдын 50% нь амралт, аялал жуулчлалын зорилгоор ирдэг байна.
Гадаадын жуулчны тоог суралцах, ажиллах, байнга оршин суухаас бусад зорилгоор МУ-ын хилээр нэвтэрсэн гадаадын иргэдийн тоонд үндэслэн гаргадаг ба нийт жуулчдын 54% нь хоёр хөрш улсаас ирсэн байна. (АЖМХ, 2024) Эдгээр жуулчид бизнес ажил хэрэг, албан томилолт, хурал семинарт оролцох, амралт аялал зэрэг зорилготойгоор ирдэг. 2 хөршөөс ирж байгаа жуулчдын 50% нь л амралт, аялал жуулчлалын зорилгоор ирдэг байна. (Монгол банк, 2019)
Жуулчдын 24% буюу 193,925 нь БНСУ-аас ирсэн бөгөөд тэдний 80% нь амралт, аялал жуулчлалын зорилгоор ирдэг.
2024 онд БНСУ-аас 9.53 сая жуулчин гадагшаа аялснаас 2.03% буюу 194 мянга нь Монгол Улсад иржээ. Эдгээр жуулчдын 80% нь амралт, аялал жуулчлалын зорилгоор ирдэг байна. Манай улсын хувьд амралт, аялал жуулчлалын хамгийн том зах зээл нь Солонгос жуулчид бөгөөд өвлийн аялал жуулчлалын үндсэн хэрэглэгчид мөн Солонгос жуулчид байна.

ТОП-10 жуулчин илгээгч улсууд: Хятад, Орос, Солонгос, Япон, Казакстан, АНУ, Тайвань, Герман, Турк, Беларусь
Нийт жуулчдын 78% нь ТОП-3 зах зээл болон Хятад, Орос, Солонгосоос ирж байна. Үлдсэн 22% нь бусад улсаас ирж байна. 4, 5, 6-р байранд Япон, Казакстан, АНУ тогтмол ордог. 2024 онд Тайвань жуулчид 7-рт эрэмбэлэгдсэн ба уг тоо 2019 онтой харьцуулахад 2 дахин нэмэгдсэн байна. 8-рт Герман, жилдээ 10-12 мянган жуулчид тогтмол ирдэг. 9, 10-рт Турк болон Беларусь улсын жуулчид орсон байна. Эдгээр улсын жуулчид 2019 онтой харьцуулахад 2,8 дахин нэмэгджээ.

2024 онд улсын хэмжээнд зочид буудлын салбарын орлого 615 тэрбум төгрөгт хүрсэн бол Улаанбаатар хотод 522 тэрбум төгрөг байна.
ҮСХ-ны мэдээллээр 2024 онд зочид буудал болон холбогдох үйл ажиллагаанаас улсын хэмжээнд нийт 615 тэрбум төгрөгийн орлого олжээ. Үүнээс 522 тэрбум төгрөг буюу 85%-ийг Улаанбаатар хотын зочид буудлууд бүрдүүлсэн байна.
2022 оны тооллогоор улсын хэмжээнд жуулчны байр сууцны нийт багтаамж зуны улиралд 36,009 ор/хоног байна.
2022 онд БОАЖЯ-наас гаргасан тоо баримтаар, жуулчны байр сууцны багтаамж зуны саруудын эрэлт ихтэй үед 36,009 ор/хоног байгаа бол жилийн турш үйл ажиллагаа явуулдаг нь 14,961 ор/хоног байна. Улсын хэмжээнд 83 зэрэглэлтэй зочид буудал 5,850 ор/хоногийн нийлүүлэлт хийж байна. Эрэлт хамгийн өндөр 3-р улиралд дүүргэлтийн хувь 77% байна.

2024 оны байдлаар Улаанбаатар хотод 462 зочид буудал, дэн буудал нийт 14,103 ор/хоногийн хүчин чадалтайгаар үйл ажиллагаа явуулж байна.
Нийслэлийн аялал жуулчлалын газрын 2024 оны судалгаагаар Улаанбаатар хотод 462 зочид буудал, дэн буудал ажиллаж, 14,103 ор/хоног нийлүүлж байна. Эдгээрийн 64% нь зочид буудал, 36% нь дэн буудал байна.

Улаанбаатар хотод 69 одны зэрэглэлтэй зочид буудлуудаас 3-5 одтой 22 зочид буудал үйл ажиллагаа явуулж байна.
Улсын хэмжээнд нийт 83 одны зэрэглэлтэй зочид буудал байдгаас 69 нь Улаанбаатар хотод байрладаг. Эдгээрээс 5 одтой нь 8 буудал, 4 одтой нь 10 буудал, 3 одтой нь 22 буудал, 2 одтой нь 20 буудал, 1 одтой нь 9 буудал байна.
Нийт орлогын 72%-ийг 3 болон түүнээс дээш одтой 40 зочид буудал бүрдүүлдэг.
Татварт мэдүүлсэн орлогоор зочид буудлын нийт орлогын 72%-ийг 3 ба түүнээс дээш одтой 40 зочид буудал бүрдүүлдэг бол үлдсэн 28%-ийг нь 2 ба түүнээс доош одтой, зэрэглэлгүй зочид буудал, дэн буудлууд бүрдүүлж байна.
Хэрэв та дээрх тоо, баримттай холбоотой асууж тодруулах зүйл байвал эсвэл дэлгэрэнгүй судалгаатай танилцахыг хүсвэл бидэнтэй холбоо барина уу.
Жич: ҮСХ, ССАЖЯ, АЖМХ, НАЖГ зэрэг байгууллагуудын статистик тоон мэдээлэл хоорондоо зөрүүтэй байгаа тул бусад эх сурвалжтай зөрчилдөх мэдээлэл орсон байж болзошгүй.



Comments